Инновацийн төсөлд грант олгох журмын төсөл : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Инновацийн төсөлд грант олгох журмын төсөл
        
        УИХ-аас 2012 онд баталсан Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д Засгийн газар нь "инновацийг хөгжүүлэхтэй холбогдсон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах", 6.1.7-д "инновацийн төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх, инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам, нөхцөлийг тогтоох" гэж, 12.2. "Энэ хуулийн 12.1.1, 12.1.3, 12.1.4-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх инновацийн төслийг Засгийн газраас баталсан журмын дагуу сонгон шалгаруулна", 17.1.5-д "төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсгийг инновацийн санхүүжүүлэгч байгууллага болон орон нутгийн төсвөөс буцалтгүй нөхцөлөөр санхүүжүүлэх" гэж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.4-т "инновацийн төсөл хэрэгжүүлэх, технологи, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд грант олгох" гэж заасныг тус тус үндэслэн "Инновацийн төсөлд грант олгох журам"-ын төслийг боловсрууллаа.

        Инновацийн тухай хуульд зааснаар инновацийн төсөл гэж “санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг”, инновацийн грант гэж “иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр инновацийн тодорхой төсөлд буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг” тус тус ойлгоно.

        Энэхүү журмаар инновацийн төслийг сонгон шалгаруулах, грант олгох, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг зохицуулна.

        Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй нийцсэн, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт ололтыг ашигласан, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэсэн инновацийн төсөлд грант олгоно.

        Грантыг инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж зах зээлд гаргах буюу үйлдвэрлэл явуулах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулна.

        Инновацийн төслийн грантад өмчийн хэлбэрээс үл хамааран үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод нэр дэвшүүлэх эрхтэй.

        Инновацийн төслийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зарласан болзол, шаардлагын дагуу боловсруулж тус байгууллагад ирүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн инновацийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн шинжээчдийг өдөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж ажиллуулах ба шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн батлан, санхүүжүүлнэ.   

        Инновацийн төсөлд грант олгож эхэлснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник технологи, эдийн засгийн үзүүлэлт, өрсөлдөх чадвараар илт давуу, оюуны багтаамж, нэмүү өртөг шингээсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарна.

        Төсөл

        ИННОВАЦИЙН ТӨСӨЛД ГРАНТ ОЛГОХ ЖУРАМ

        Нэг. Нийтлэг үндэслэл

        1.1.   Энэхүү журам нь инновацийн төсөл сонгон шалгаруулах, грант олгох, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг зохицуулна. хэлэлцүүлгэ

        1.2.  Журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

        1.2.1.   “Инновацийн төсөл” /цаашид “Төсөл” гэх/ гэж Инновацийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасныг;

        1.2.2.   “Инновацийн грант” гэж Инновацийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг;

        1.2.3.   “Инновацийн бүтээгдэхүүн” гэж Инновацийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасныг;

        1.2.4.   “Гарааны компани” гэж Инновацийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасныг;

        1.2.5.   “Эрдэм шинжилгээний ажлын үр дүн” гэж Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.5-д заасныг;

        1.3.  Төслийг сонгон шалгаруулж грант олгоход дор дурдсан зарчмыг баримтална:

        1.3.1.   инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт ололтыг ашигласан байх;

        1.3.2.   эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай, байгаль нийгэмд сөрөг нөлөөгүй  байх;

        1.3.3.   төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх үйл явц нь ил тод, шударга, нээлттэй байх;

        1.3.4.   өмчийн хэлбэрээс үл хамааран чөлөөтэй оролцох, тэгш эрхтэй, өрсөлдөх боломжтой байх;

        1.3.5.   зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн байх. 

        Хоёр. Инновацийн төсөл, түүнд тавигдах шаардлага

        2.1.        Дор дурьдсан инновацийн тэргүүлэх чиглэлтэй нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилго бүхий инновацийн төслийг грантад дэвшүүлж болно.

        2.1.1.   Мэдээллийн технологи, электроник;

        2.1.2.   Анагаах ухаан, байгалийн гаралтай шинэ эмийн бэлдмэл;

        2.1.3.   Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүч, хөдөлмөр, нөөцийн хэмнэлттэй машин, технологи, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл;

        2.1.4.   Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмж, малын эм бэлдмэлийн үйлдвэрлэл;

        2.1.5.   Уул уурхайн тоног төхөөрөмж, баяжуулах технологи;

        2.1.6.   Үйлчилгээний чиглэлийн инновацийн төсөл;

        2.1.7.   Органик хүнс, үйлдвэрлэл, байгалийн болон биологийн нөөцийн боловсруулалт.

        2.2.       Инновацийн грантад нэр дэвшүүлэх төсөлд тавигдах шаардлага

        2.2.1.   Төсөл нь зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн байх;

        2.2.2.   Төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн батаалгаажилтыг нотолсон байх;

        2.2.3.   Төсөл 3 жилээс ихгүй хугацаанд хэрэгжиж үр дүнд хүрэх боломжтой байх;

        2.2.4.   Зах зээлийн эрэлт хэрэгцээг үндэслэлтэйгээр тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, оюуны багтаамж, нэмүү өртөг шингээсэн байдал г.м)-уудыг бүрэн харуулсан байх;

        2.2.5.   Төслийн үе шатууд (үйлдвэрлэл эхлүүлэх, өргөжүүлэх, маркетинг, цаашдын хөгжил г.м.)-ын үндэслэлийг бүрэн тооцоолж гаргасан техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх;

        2.2.6.   Бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх явцыг үнэлж, бизнес төлөвлөгөө боловсруулсан байх.

        2.3.       Төсөл хэрэгжүүлэгч байгууллага /цаашид “Төсөл хэрэгжүүлэгч” гэх/-д тавигдах шаардлага

        2.3.1.   Төсөл хэрэгжүүлэгч нь Монгол Улсад бүртгэлтэй өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль байх;

        2.3.2.   Төсөл хэрэгжүүлэгч нь төсөв болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;

        2.3.3.   Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд инновацийн бүтээгдэгдэхүүнийг зах зээлд гаргах, төслийг амжилттай хэрэгжүүлэх чадвартай, удирдлага, маркетинг, санхүүгийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, мэргэшсэн ажиллагчдын багтай байх.

        2.4.       Грантыг энэхүү журмын 2.1-д заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж зах зээлд гаргах буюу үйлдвэрлэл явуулах, хүчин чадлаа нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулна. Үүнд:

        2.4.1.   Өндөр технологийн үйлдвэрлэлийн багаж, тоног төхөөрөмж худалдаж авах, суурилуулах;

        2.4.2.   Үйлдвэрлэлийн зорилгоор эрчим хүч, ус, суваг, дулааны зэрэг инженерийн дэд бүтцэд технологийн холболт хийх;

        2.4.3.   Биет бус актив, програм хангамж зэргийг худалдаж авах;

        2.5.        Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэхэд грантыг ашиглахыг хориглоно. 

        Гурав. Грантын эх үүсвэр, хэлбэр

        3.1.    Грантыг Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид “сан” гэх)-ийн хөрөнгөөс олгоно.

        3.2.    Нэг төсөлд олгох грантын хэмжээ нь төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 50.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх ба бусдыг нь төсөл хэрэгжүүлэгч өөр эх үүсвэр \өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг\-ээс бүрдүүлсэн байна.

        3.3.    Төслийг зарлах, сонгон шалгаруулах, хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнтэй нь танилцах, шинжээч ажиллуулахтай холбогдон гарах зардлыг сан хариуцна. 

        Дөрөв. Төслийн санал ирүүлэх, сонгон шалгаруулах

        4.1.    Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн төсөлд грант олгох болзол, шаардлагыг тухайн оны 2 дугаар сард багтаан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

        4.2.    Төсөл хэрэгжүүлэгч төслийн баримт бичгийг энэхүү журмын 2.2, 2.3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу боловсруулж, тухайн оны 4 дүгээр сарын 01-ний дотор өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

        4.3.    Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү журамд заасан болзол, шаардлагыг бүрэн хангасан төслийг сонгон шалгаруулалтад хамруулна.

        4.4.    Төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн Ажлын хэсэг”-ийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар томилж ажиллуулна.

        4.5.    Шинжээч нь энэхүү журам болон “Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчийг ажиллуулах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөнө.

        4.6.    Төслийн сонгон шалгаруулалт хийхдээ дор дурдсан шалгуур үзүүлэлтийг үндэс болгоно:

        4.6.1.    Төслийн шинэлэг, давуу тал, гарах үр дүнгийн эдийн засаг, нийгмийн үр өгөөж, ач холбогдол, хэрэгжих бодит боломж;

        4.6.2.    Техник-эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо бодитой эсэх;

        4.6.3.    Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үнэ, зах зээлийн судалгаа нарийвчлан хийгдсэн байдал;

        4.6.4.    Захиалагч болон хэрэглэгч байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах санал, захиалга авсан байдал;

        4.6.5.    Төсөл хэрэгжүүлэгчийн төлбөрийн чадвар, хөрөнгө, санхүүгийн байдал;

        4.6.6.    Төслийн эрсдэлийг тооцож, үнэлсэн байдал,

        4.6.7.    Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах бусад эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар гаргасан албан ёсны баримт, мэдээлэл.

        4.7.    Инновацийн төслийн санал тус бүрт 3-аас доошгүй шинжээч үнэлгээ өгнө.

        4.8.    Ажлын хэсэг шинжээчийн үнэлгээний дүнг нэгтгэн төслийн санал ирүүлэгсдэд мэдэгдэнэ. Шинжээчийн олонхийн саналаар дэмжигдсэн төслийг дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.

        4.9.    Шинжээчийн дүгнэлтээр тэнцсэн төсөл хэрэгжүүлэгч төслийн дэлгэрэнгүй мэдээллийг Ажлын хэсэг”-ийн хуралд биечлэн танилцуулна.

        4.10. Шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг төсөл хэрэгжүүлэгчийн үйлдвэрлэлийн объекттой газар дээр нь очиж танилцана.

        4.11. Ажлын хэсэг төсөлд өгсөн шинжээчийн үнэлгээ, төслийн талаарх мэдээлэлтэй танилцах замаар төслийг сонгон шалгаруулж, дүгнэлт гаргана.

        4.12. Ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулсан дүгнэлтээ өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. Грант олгох инновацийн төслийн жагсаалтыг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана. 

        Тав. Төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах, грант олгох

        5.1.    Сонгон шалгаруулсан төслүүдийн үр дүнгийн даалгавар, төсөлд олгох грантын хэмжээг төсөл хэрэгжүүлэгч болон сангийн оролцоотойгоор өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “талууд” гэх) тодотгоно.

        5.2.    Талууд энэхүү журмын 4.13-т заасан шийдвэр гарснаас хойш ажлын 20 хоногт багтаан гэрээний үлгэрчилсэн загварын дагуу гэрээ байгуулна.

        5.3.    Төсөл хэрэгжүүлэгч гэрээг 3 хувь үйлдэж холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

        5.4.    Төсөл хэрэгжүүлэх явцад түүний санхүүжилтэд өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд талууд хамтран санал боловсруулж, өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. 

        Зургаа. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох

        6.1.        Гэрээ болон төслийн бизнес төлөвлөгөөний дагуу төслийн хэрэгжилтийн явц, хугацаа, үр дүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, санхүүжилтийн үйл ажиллагаанд өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сан хяналт тавина. Хяналтын зардал нь төсөлд олгох грантын 1 хувиас хэтрэхгүй байна.

        6.2.        Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилтийн явцын тухай жилийн тайланг жил бүрийн 3 дугаар сарын 15-нд, гэрээний биелэлт, үр дүнг дараа оны 1 дүгээр сарын 15-нд гаргаж, өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санд ирүүлнэ.

        6.3.        Төслийн тухайн жилийн тайланд өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж дараа жилийн эхний хагаст багтаан хяналт, шинжилгээ хийнэ.

        6.4.        Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус шинжээчийн багийг ажиллуулж болно.

        6.5.        Төслийн үр дүнг дараах үзүүлэлтээр хэмжинэ:

        6.5.1.   Хэрэгжүүлэгч байгууллагын төсөл хэрэгжүүлэх хугацаанд зах зээлд шинээр нэвтрүүлсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо, хэмжээ, чанар, эрэлт;

        6.5.2.   Хэрэгжүүлэгч байгууллагын татварын газраар баталгаажуулсан төсөл хэрэгжүүлэх хугацааны эдийн засгийн үзүүлэлт \борлуулалтын орлого, ашиг, экспортлосон хэмжээ гэх мэт\;

        6.5.3.   Хэрэгжүүлэгч байгууллагаас боловсруулж, төлөвлөсөн техник эдийн засгийн үндэслэл, бизнес төслөөр тогтоосон бусад үр дүн;

        6.6.        Төсөл хэрэгжүүлэгч төсөл дууссанаас хойш 3 сарын дотор төслийн эцсийн тайланг холбогдох стандартын дагуу боловсруулж санхүүжүүлэгчид актаар хүлээлгэж өгнө.

        6.7.        Санхүүжүүлэгч дараах нөхцөлд төслийн үр дүнг хүлээн авахаас татгалзана:

        6.7.1.          Грантыг энэхүү журамд зааснаас өөр зорилгоор ашигласан;

        6.7.2.          Төсөлд тусгагдсан техник, технологийг нэвтрүүлээгүй, төлөвлөсөн үр дүнд хүрээгүй;

        6.7.3.          Гэрээгээр тусгасан хүлээсэн үйлдвэрлэл, үйлчилгээний техник, эдийн засгийн хүчин чадлыг бууруулсан;

        6.7.4.          Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь зах зээлд борлогдоогүй буюу борлогдох магадлал доогуур болох нь тогтоогдсон;

        6.7.5.          Санхүүгийн зөрчил илэрсэн;

        6.7.6.          Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдал, технологийн түвшин дэвшүүлсэн хэмжээнд хүрээгүй;

        6.8.        Төслийн гүйцэтгэлийн явц санхүүжүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар удаашрах, үр дүн нь гэрээнд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хугацаанаас өмнө гэрээг цуцлах, санхүүжүүлсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчээр нөхөн төлүүлэх талаар өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс холбогдох журмын дагуу шийдвэр гаргана. 

        Долоо. Бусад

        7.1.        Төсөл хэрэгжүүлэгч хуурамч мэдээлэл бүрдүүлсэн нь тогтоогдсон, энэхүү журмын 6.6, 6.7, 6.8 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн инновацийн төсөлд грант олгох сонгон шалгаруулалтад дахин оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ.

        7.2.        Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн зөрчил, маргааныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлнэ.

         

        --- о О о ---

        БСШУСЯ -ны 118 тоот өрөө
        Утас: 51-263180
        и-майл: purevdorj@mecs.gov.mn

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах