Үндэсний инновацийн шагнал олгох журмын төсөл : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Үндэсний инновацийн шагнал олгох журмын төсөл
        
        УИХ-аас 2012 онд баталсан Инновацийн тухай хуулийн 17.1.11-д "нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгох", 17.1.12-д "үндэсний инновацийн шагналын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална" гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний инновацийн шагнал олгох журмын төслийг боловсрууллаа.

        Энэхүү журмаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал горилох бүтээлийг нэр дэвшүүлэх, материал хүлээн авах, сонгон шалгаруулах, шагнал олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

        Шагналыг Монгол хүний оюун ухаан, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, олон улсын стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан инновацийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанид олгоно.

        Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”, “Шилдэг гарааны компани” гэсэн төрөлтэй байх ба 2 жил тутам төрөл тус бүрээр тэргүүн, дэд байрыг шалгаруулж Засгийн газрын шийдвэрээр олгож байх юм.

        Шагналд өмчийн хэлбэрээс үл хамааран үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод, иргэн, төрийн бус байгууллага нэр дэвшүүлэх эрхтэй.

        Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар байгуулагдсан БСШУСЯ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний бүтээмжийн төв, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, мэргэжлийн холбоод, эрдэмтэд, банк, хөрөнгө оруулалтын сан, өндөр технологийн компаниуд, нэр хүндтэй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг сонгон шалгуулах юм.

        Шалгарсан бүтээлийг тухайн жилийн 11 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх ба шагналыг Монгол Улсын тусгаар тогтнолын баярын өдрөөр Ерөнхий сайд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулна.

        Үндэсний инновацийн шагналыг бий болгож олгож эхэлснээр Монгол улсад шинэ мэдлэг, технологийг зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлсэн, шинийг санаачилагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийн үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, олон нийт, залуу үед үлгэр дууриалал болгон алдаршуулах, инновацийн бизнес эрхлэгчдийг шинэ амжилтанд уриалж, инновацийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

         

         

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


         

        Төсөл

         

        МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

         

        2017 оны … дугаар                                       Дугаар …                               Улаанбаатар хот

        сарын ... -ны өдөр

         

        Журам батлах, шагналын хэмжээ

        тогтоох тухай

         

                    Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.11, 17.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

        1.   Үндэсний инновацийн шагнал олгох журмыг 1 дүгээр, Үндэсний инновацийн шагналыг дагалдах мөнгөн урамшууллын хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

         

        2.   Шагналыг дагалдах өргөмжлөл бүтээх хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд ...., Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд ........ нарт даалгасугай.

         

        3.   Үндэсний инновацийн шагналд олгох өргөмжлөлийн загварыг уралдаан зарлаж, сонгон шалгаруулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд ................-д даалгасугай.

         

         

        Монгол Улсын Ерөнхий сайд                     ................................

        Боловсрол, соёл, шинжлэх

        ухаан, спортын сайд                                     ................................   


        Засгийн газрын 2017 оны .....

         дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

         

        Үндэсний инновацийн шагнал ОЛГОХ журам

         

        Нэг. Нийтлэг үндэслэл

         

        1.1.       Энэхүү журмаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал горилох бүтээлийг нэр дэвшүүлэх, материал хүлээн авах, сонгон шалгаруулах, шагнал олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. 

        1.2.       Үндэсний инновацийн шагнал \цаашид “Шагнал” гэх\-ын зорилго нь шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлсэн, шинийг санаачилагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийн үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, олон нийт, залуу үед үлгэр дууриалал болгон алдаршуулах, инновацийн бизнес эрхлэгчдийг шинэ амжилтанд уриалан дуудах, инновацийг хөгжүүлэхэд чиглэнэ. 

        1.3.       Шагналыг Монгол хүний оюун ухаан, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, олон улсын стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан инновацийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанид олгоно. 

        1.4.       Үндэсний инновацийн шагналыг 2 жил тутам төрөл тус бүрээр тэргүүн, дэд байрыг шалгаруулж Засгийн газрын шийдвэрээр олгоно. 

        1.5.       Үндэсний инновацийн шагналыг өргөмжлөл, мөнгөн шагнал дагалдана. 

         

        Хоёр. Шагналын төрлүүд ба нэр дэвшүүлэх бүтээлд тавигдах шаардлага

         

        2.1.       Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”, “Шилдэг гарааны компани” \цаашид “Бүтээл” гэх\ гэсэн төрөлтэй байна.

        2.2.       “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” гэдэгт зах зээлд шинээр эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд эрс давуу, орчин үеийн тэргүүний мэдлэг, технологийг шингээсэн, импортыг орлох боломжтой техник, технологи, багаж, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, материал, мөн тэдгээрийг ашиглах боломжийг агуулсан бүтээл багтана.

        2.3.       “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэдэгт зах зээлд шинээр эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд эрс давуу, орчин үеийн тэргүүний мэдлэг, технологийг шингээсэн банк санхүү, харилцаа холбоо, боловсрол, эрүүл мэнд, тээвэр зуучлал, худалдаа, аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоол зэрэг үйлчилгээний салбаруудын, мөн дундын оффис, технологийн инкубатор зэрэг инновацийг дэмжих үйлчилгээний төрлүүд хамаарна.

        2.4.       “Шилдэг гарааны компани” гэдэгт оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах бизнесийн шинэ санааг гаргаж, бусдаас ялгарахуйц алсын хараатай шинэ бизнес болон бизнесийн загварыг зах зээлд нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг хэлнэ. 

        2.5.       Нэр дэвшүүлэх бүтээлд дараах шаардлагыг тавина:

        2.5.1.      Шагналд нэр дэвшүүлсэн бүтээл нь сүүлийн 1-2 жилд Монгол Улсад шинээр үйлдвэрлэсэн, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;

        2.5.2.      Импортыг орлох буюу экспортыг дэмжихэд чиглэсэн байх;

        2.5.3.      Бүтээлд нэр дэвшүүлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх.

        2.5.4.      Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигласан техник, технологи, програм хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх;

        2.5.5.      Бүтээл нь экологийн хувьд цэвэр, эдийн засгийн үр ашиг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь нотлогдсон байх.

        2.5.6.      Олон нийтэд дэлхийн өндөр технологийн хөгжлийн ололтыг таниулах болон хүүхэд, залуучуудын оюун санааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан байх.

         

        2.6. Шилдэг гарааны компанид 2.5-аас гадна дараах шаардлагыг тавина:

        2.6.1.      Нэр дэвшигч компани нь банк, даатгал, санхүүгийн болон бусад зах зээлд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой програм хангамж (software) хөгжүүлэлт, компьютер, электроникийн тоног төхөөрөмжийн шийдэл, угсралтын салбар (hardware)-т амжилттай ажиллаж байгаа болон аж үйлдвэр, дэд бүтэц, байгаль орчин, нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дотоод, гадаадын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байна.

        2.6.2.      Нэр дэвшүүлж буй аж ахуйн нэгж нь шагналд нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан өдрөөс 1-3 жилийн өмнө байгуулагдсан Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх.

        2.6.3.      татварын газраар баталгаажуулсан  төсөл хэрэгжүүлэх хугацааны эдийн засгийн үзүүлэлт /борлуулалтын орлого, ашиг, экспортолсон хэмжээ гэх мэт/ нь тогтмол өссөн байх;

        2.6.4.      Бизнесийн цаашдын хөгжил, хөрөнгө оруулалтын боломж өндөр байх;

        2.6.5.      Өөрийн үйл ажиллагааны үр дүнд зах зээлд өрсөлдөх давуу талтай болсон байх; 

        Гурав. Шагналд нэр дэвшүүлэх

         

        3.1.        Шагналд нэр дэвшүүлэх тухай зарыг тухайн жилийн 3 дугаар сард багтаан Инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлана.

         

        3.2.       Шагналд дор дурдсан байгууллага нэр дэвшүүлэх эрх эдэлнэ:

        3.2.1.      Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага

        3.2.2.      Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль

        3.2.3.      Төрийн бус байгууллага

         

        3.3.       Төрийн шагнал, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал авсан, эсхүл нэр дэвшүүлсэн бүтээлийг шагналд давхардуулан нэр дэвшүүлэхгүй.

        3.4.       Шагналд нэр дэвшүүлсэн бүтээл, зохиогчдын талаархи мэдээлэл нийтэд нээлттэй байна.

        3.5.       Хамтын бүтээлийг нэр дэвшүүлэхэд уг бүтээлийг бий болгоход гишүүн тус бүрийн оруулсан бодит хувь нэмэр, оролцоог нэр дэвшигч бүхэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

        3.6.       Олон улсын хөтөлбөр, төсөл, гэрээний үндсэн дээр Монгол Улсын холбогдох байгууллагатай хамтран гүйцэтгэсэн бүтээл нь шагналд нэр дэвшиж байгаа бол уг бүтээлийн зохиогчийн хамтлагийн бүрэлдэхүүнд гадаадын иргэнийг оруулж болно. 

        Дөрөв. Бүрдүүлэх материал 

        4.1.       Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаар дор дурдсан материалыг 2 хувь бүрдүүлж, тухайн жилийн 08 дугаар сарын 01-ний дотор Инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Үүнд:

         

        4.1.1.          Шагналд нэр дэвшүүлэх тухай албан бичиг;

        4.1.2.          Эрх бүхий байгууллагын шагналд нэр дэвшүүлсэн тухай шийдвэр;

        4.1.3.          Нэр дэвшсэн бүтээлийн өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт.

        4.1.4.          Байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулга

        4.1.5.          Байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, захирлын овог нэр, утас

        4.1.6.          Нэр дэвшсэн бүтээлийн танилцуулга, шагналд дэвшүүлэх болсон үндэслэл, холбогдох материалууд /Энэ журмаар заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг нотлох дүгнэлт, баримт бичиг, судалгаа/; Танилцуулгад бүтээлийн  агуулга, үр дүн, эдийн засгийн үр ашиг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дүнг хэрэглэсэн байдал, цаашид ашиглагдах хэтийн төлөв, технологийн болон техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүрэн тусгана.

        4.1.7.          Бүтээлийн технологи, техник, багаж тоног төхөөрөмж, материал, ашиглалтын нөхцөлийг нээн харуулахаас гадна эх орны болон гадаадын ижил төрлийн бүтээлтэй харьцуулсан дүгнэлт гаргаж, бүтээлийн үнэт чанарыг тодорхойлсон байна.

        4.1.8.          Бүтээл нь улсын захиалгатай төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бол энэ тухай дурдана.

        4.1.9.          Шаардлагатай зураг, загвар, бүдүүвч болон энэ ажлын хүрээнд авсан патент, зохиогчийн эрхийн гэрчилгээ зэргийг хавсаргана.

        4.1.10.      Нэр дэвшүүлж байгаа бүтээлийн зохиогчдийн тухай танилцуулгад дор дурдсан мэдээллийг тусгаж хүн тус бүрээр гарын үсгийг нь зуруулсан байна. Үүнд:

        4.1.10.1. овог, нэр, төрсөн он, сар, өдөр;

        4.1.10.2. ажиллаж байгаа байгууллагын нэр;

        4.1.10.3. эрхэлж байгаа ажил, албан тушаал,

        4.1.10.4. эрдмийн зэрэг, цол (хэрвээ байгаа бол);

        4.1.10.5. гэрийн хаяг, утасны дугаар;

        4.1.10.6. Зохиогчийн 4х6 хэмжээний 2 хувь зураг

        4.2.       Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй. Үнэлгээнд оруулсан материал, баримт бичгийг нэр дэвшүүлэгчид буцаан олгохгүй, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн хамт зохих журмын дагуу архивт шилжүүлнэ. 

        Тав. Бүтээлийн сонгон шалгаруулалт

         

        5.1.        Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлд шинжээчийн дүгнэлт гаргаж сонгон шалгаруулах ажлыг Инновацийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гүйцэтгэнэ.

        5.2.        Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний бүтээмжийн төв, Улаанбаатар хотын инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, банк, санхүүгийн байгууллага, өндөр технологийн компани, нэр хүндтэй судлаач, бизнес эрхлэгчдийн төлөөлөл орно.

        5.3.        Шалгаруулалтыг дараах 2 шаттай явуулна. Үүнд:

        5.3.1.  1 дүгээр шатанд ажлын хэсэг ирүүлсэн бүтээлийн бүрдэл, энэхүү журманд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаарх дүгнэлтийг 8 дугаар сард багтаан гаргана.

        5.3.2.  2 дугаар шатанд ажлын хэсэг ирүүлсэн бүтээл, компанитай газар дээр нь очиж танилцах, холбогдох мэргэжлийн байгууллага, шинжээчдээс лавлагаа, дүгнэлт авах, бүтээлийн талаар иргэд, хэрэглэгчдэд нээлттэй танилцуулах ажлыг 9-10 дугаар сард багтаан зохион байгуулна.

        5.4.        Ажлын хэсэг шагнал олгохоор шалгарсан бүтээлийн эцсийн дүгнэлтийг 11 дүгээр сарын 1-ний дотор Инновацийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд танилцуулна.

        5.5.        Инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага эцсийн шалгаруулалтад тэнцсэн бүтээлийг тухайн жилийн 11 дугаар сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

        5.6.        Тухайн ангилалд шаардлага хангасан бүтээл шалгараагүй тохиолдолд шагналыг олгохгүй. 

        Зургаа. Шагналыг гардуулах

         

        6.1.        Шагнал нь батлагдсан загварын дагуу хийгдсэн өргөмжлөл, дагалдах мөнгөн шагналтай байна.

        6.2.        Шагналыг тухайн жилийн Монгол Улсын тусгаар тогтнолын баярын өдрөөр Ерөнхий сайд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулна.

         

        ооо О ооо

        Засгийн газрын 2017 оны ... дүгээр

        тогтоолын 2 дугаар хавсралт

         

        Үндэсний инновацийн шагналыг дагалдах

        мөнгөн урамшууллын хэмжээ

         

        \Сая төгрөг\

         

        Ангилал

        Байр

        Мөнгөн шагналын хэмжээ

        1.       

        Шилдэг инновацийн бүтээгдэхүүн

        Тэргүүн

        20,0

        Дэд

        10,0

        2.       

        Үйлчилгээний салбарын шилдэг инноваци

        Тэргүүн

        20,0

        Дэд

        10,0

        3.       

        Шилдэг гарааны компани

        Тэргүүн

        20,0

        Дэд

        10,0

         

        БСШУСЯ -ны 118 тоот өрөө
        Утас: 51-263180
        и-майл: enkhtuya@mecs.gov.mn
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах