Хөгжим бүжгийн коллеж консерватор болно : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Хөгжим бүжгийн коллеж консерватор болно
        
        Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь /2017.01.05/ С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид зочиллоо. Энэ онд түүхт 80 жилийн ойтойгоо золгож буй тус сургуулийн хамт олонтой БСШУС-ын сайд Ж.Батсуурь уулзаж, ярилцсан юм.  

        Уулзалтад БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Ичинхорлоо, Хөгжим бүжгийн коллежийн захирлын үүрэг гүйцэтгэгч, түүхийн ухааны доктор, урлаг судлаач Х.Саранчимэг нарын холбогдох албаны хүмүүс оролцов.

        БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн онд ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Хөгжим бүжгийн коллежийг консерватор болгох асуудлыг шийдвэрлэсэн билээ. Улмаар Хөгжим бүжгийн коллежийг консерватор болгох асуудлаар санал, солилцож, багш, ажилчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонссон юм. Хөгжим бүжгийн коллеж 20 орчим жил консерватор болох хүсэлтээ үе, үеийн Засгийн газар, сайд нарт уламжилж ирсэн ч бодит ажил хэрэг болгож чадаагүй аж. Харин тэдний энэхүү  хүсэл өнөөдөр ийнхүү биелэлээ олж, Монгол Улсын мэргэжлийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байгаагаа тус сургуулийн хамт олон БСШУС-ын сайдад илэрхийллээ.

        Ирэх хоёрдугаар сард ОХУ-ын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирэх бөгөөд энэ үеэр Хөгжим бүжгийн коллеж дээр ажиллаж, сургалтын хөтөлбөр, агуулга, шаардагдах техник хэрэгсэл, хөгжим, тоног төхөөрөмжийн талаар судалгаа хийх юм.

        Дашрамд дурдахад, С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь  1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар  тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байжээ. Улмаар  хэд, хэдэн удаа нэрээ өөрчилсний эцэст Монгол Улсын  Гэгээрлийн яамны сайдын 1996 оны арваннэгдүгээр сарын 12-ны  өдрийн №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдсэн байна.

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах