C3QA төслийн эхний зөвлөлдөх уулзалт Армен улсын нийслэл Ереван хотноо болов : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        C3QA төслийн эхний зөвлөлдөх уулзалт Армен улсын нийслэл Ереван хотноо болов
        

        Европын холбооны Эрасмус плас (Erasmus+) төслийн санхүүжилтээр “Европын холбооны интеграцитай уялдуулан гурав дах төвшний буюу докторын төвшний хөтөлбөрийн чанарын баталгаажууллын тогтолцоог боловсруулах, нэвтрүүлэх замаар судалгааны интернациональчлалыг дэмжих нь” (C3QA) төслийг Армен, Монгол, Казакстан, Украйн улсуудын хамтарсан консорциумын баг хэрэгжүүлэхээр болсон. Уг төсөлд дээр дурьдсан 4 улсын боловсрол, шинжлэх ухааны яам, чанарын баталгаажууллын үндэсний байгууллагууд, тэргүүлэх судалгааны их сургуулиуд, мөн Франц, Испани, Польшийн их сургуулиуд оролцож байна. Монгол Улсаас БСШУСЯ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Монгол Улсын Их сургууль, Отгонтэнгэр их сургууль гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үндэсний баг хамтран хэрэгжүүлэх юм.

        Төслийн багийн анхны зөвлөлдөх уулзалт 2017 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр Армен улсын нийслэл Ереван хотноо болов. Энэхүү төслийг санаачлагч, Дээд боловсролын чанарын баталгаажууллын агентлагуудын олон улсын сүлжээ (INQAAHE) байгууллагын ерөнхийлөгч, Др. Сузанна Караханян “Төсөлд оролцож буй  улсуудын боловсролын тогтолцоо хуучин социалист тогтолцоонд суурилсан. Улмаар cycle 3 буюу докторын төвшний сургалтыг хэрэгжүүлж буй арга хэлбэр, олгож буй зэрэг дэв олон улсын чиг хандлагаас зөрүүтэй, түүнчлэн олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлсэн судлаачдын бүтээл хомс байгаа зэрэг нийтлэг сул тал байгаа тул хамтдаа суралцаж, богино хугацаанд чадавхаа бэхжүүлэх нь энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэх үндэс болсон” гэв.  

        Төсөл нийт гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ хугацаанд төсөлд оролцогч талууд өөрийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, докторын төвшний хөтөлбөрт чиглэсэн үндэсний бодлогыг тодорхойлох юм. Түүнчлэн энэхүү бодлогод суурилсан дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажууллын тогтолцоог хөгжүүлэн, сонгогдсон их сургуулиуд дээр туршин хэрэгжүүлнэ. Үндэсний онцлог, хэв шинжийг тусгасан мөн олон улсын чиг хандлагад нийцсэн цогц, оновчтой чанарын баталгаажууллын тогтолцоог хөгжүүлснээр докторын төвшний сургалтын хөтөлбөрийн болон судалгааны чанар нийцлийг сайжруулахад, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдыг бэлтгэх гаргах үндэс суурийг тавихад энэхүү төслийн туйлын зорилго оршиж байна.

        Эхний уулзалтаар талууд төслийн хүрээнд хийгдэх ажлууд, тэр дундаа эхний жилд хийгдэх багц ажлууд, төслийн удирдлага аргазүй, санхүүгийн менежментийн асуудлуудыг хэлэлцэж, оролцогч талууд санал бодлоо солилцон, төслийн хэрэгжилтийг хянах, удирдах, зохион байгуулалтаар хангах үүднээс төслийн удирдах зөвлөлийг төсөлд оролцогч улс тус бүрээс нэг нэг хүний төлөөлөлтэйгөөр байгуулахаар тогтов. Энэхүү төсөлд Монгол Улс оролцсоноор дээд боловсролын чанарын баталгаажуулалт, тэр дундаа докторын төвшний хөтөлбөр, судалгааны чанар, нийцлийг сайжруулах чиглэлээр туршлагатай улс орнуудтай хамтран олон улсын төсөл хэрэгжүүлж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлснээр дараа дараагийн олон улсын төслүүдэд бие дааж болон хамтрагчаар ажиллах үндэс суурийг тавих чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Төсөлд оролцогч байгууллага тус бүр ажлын хэсэг байгуулж ажиллах ба өөрийн орчин, нөхцөл байдлын үнэлгээг хийж, 2017 оны тавдугаар сард багтаан тайлагнахаар тохиролцов. 

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах