Японд суралцах оюутан, залууст батламж гардууллаа : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Японд суралцах оюутан, залууст батламж гардууллаа
        

        “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутан, залууст батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр /2017.03.16/ ШУТИС-д зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд  БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан нар оролцов.

        Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлсэн юм. Тэрбээр Япон улсыг зорих гэж буй оюутан, залууст хандаж “Зорилгоо ухамсарлаж, Монгол хүн гэдэг эрхэм нэрийг ямагт өндөрт өргөж яваарай. Аливаа зүй бус үйлдэл, хорт муу зуршлаас ангид байж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд гар бие оролцох инженерүүд, дараагийн инженер, шилдэг боловсон хүчнийг бэлтгэх багш нар болоорой” хэмээн захив.  

        Энэ үеэр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн хөтөлбөрт элсэж, ШУТИС-д 1.5 жилийн бэлтгэл хөтөлбөрөөр амжилттай суралцсан 26 оюутанд батламж гардуулсан юм. Тус оюутнууд Япон улсын Коосэн сургуулийн III курст шилжин суралцсанаар онол, практикийн дадлага эзэмшсэн нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх аж. Мөн төслийн хүрээнд МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач бүхий магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангасан 22 хүнд батламж  гардуулав. Тус оюутнууд суралцаж эхэлснээр нийт 245 хүн төслийн хүрээнд Япон улсад сургалтад хамрагдах юм. 

        Монгол-Япон хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Япон улсад 2014-2016 онуудад нийт магистрын сургалтын хөтөлбөрт 18, докторын сургалтын хөтөлбөрт 19 багш, судлаач, Коосэн сургалтын хөтөлбөрт 28 оюутан, зэргийн бус сургалтын хөтөлбөрт 132 багш, судлаачид хамрагджээ. Дашрамд дурдахад, Япон улсад Коосэн загварын улсын 51 сургууль байдгаас 24-д нь төслийн оюутнууд элссэн байна. 

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах