www.nairuulga.mn цахим хуудсыг олон нийтэд танилцууллаа : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        www.nairuulga.mn цахим хуудсыг олон нийтэд танилцууллаа
        

        Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/-өөс www.nairuulga.mn цахим хуудсыг олон нийтэд танилцууллаа. 

        Монгол хэлний тухай хуульд зааснаар төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах, эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд иргэдийн найруулан бичих чадварыг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилготой энэхүү цахим сайтын нээлт өнөөдөр /2017.03.21/  БСШУСЯ-нд болов. Тус арга хэмжээнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян, Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор Ж.Баянсан, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар оролцов.

         “Энэ вэб сайтаар дамжуулан эрдэмтэн, судлаач, багш нар бүх нийтийн эх хэлний боловсролд зориулан нээлттэй зөвлөгөө өгөх боломжтойгоос гадна иргэдийн бичгийн боловсролд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян онцлов.

        МСНЭ-ийн ерөнхийлөгч, СГЗ Б.Галаарид, “Энэ сайтыг нээж байгаа нь манай сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийн алдаа оноогоо дүгнэх, бусдаас суралцах, яруу сайхан найруулах, утга төгөлдөр ярих урлагт сурахад чухал үүрэгтэй. Сэтгүүл зүй өөрөө эх хэлний манаачийн үүрэг гүйцэтгэдэг онцгой салбар. Харамсалтай нь  өнөөдөр сэтгүүл зүйн найруулга болоод хэл ярианы түвшин хүссэн хэмжээнд хүрч чадахгүй доголдолтой байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ дутагдлыг засахад харилцан бие биенээсээ суралцдаг чөлөөт талбар хэрэгтэй байдаг. Энэхүү сайтаас шилдэг найруулгатай мэдээ мэдээлэл, нийтлэлийг тавьж бусдад жишээ болгохоос гадна алдаатай, буруу найруулгатай, сургалтад ашиглаж болох жишээгээр алдаан дээр нь дүгнэлт хийж харилцан санал солилцох талбар бий боллоо” гэв.

        Тус сайт нь найруулгын төрөл зүйл /уран зохиол, албан бичиг, шинжлэх ухаан болон нийтэлгээний найруулга/ хаяг, тэмдэглэгээ, зөвлөмж, мэдээ гэсэн бүтэцтэй.

        Энэхүү цахим хуудсыг иргэдэд найруулгын тухай ерөнхий ойлголт өгч, найруулан бичих чадвараа дээшлүүлэхэд мэдээлэл, арга зүйгээр хангах, эрдэмтэн, судлаач, багш нарын санал зөвлөмжийг хүргэх, нийтэд буруу хэвшсэн найруулгын алдааг яагаад буруу болоод байгаа учир шалтгааныг тайлбарлан мэдээлэх, энэ чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж, олон нийтэд мэдээлэл хийдэг судлаач болон байгууллагуудтай хамтран ажиллах, эх хэлний зохистой хэрэглээгээр нийтэд манлайлж буй байгууллага, хувь хүнийг дэмжих, сурталчлах зэргээр цаашид хөтөлнө гэдгийг ХБҮЗ-ийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл тодотгов.

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах