Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх чиглэлийг өглөө : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх чиглэлийг өглөө
        

        БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.06.15/ төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо. Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, газар, хэлтсийн дарга нар, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагууд байлцав. 

        БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар уулзалтын эхэнд “Өнөөдөр бид Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилгоор та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийг урьдчилан судалсны  үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид  энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх,  их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэв.

        2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Тухайлбал, ХААИС, МУИС, АШУҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй болохыг энэ үеэр мэдээллээ. Түүнчлэн МУБИС зэрэг зарим сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүйгээр тэвчиж болох зардлаа хэмнэн, багш ажилчдынхаа цалинг нэмэхээр төлөвлөөд байгаагаа ч дуулгав.

        БСШУС-н сайдын төрийн өмчит их, дээд сургуулиудад өгсөн  үндсэн чиглэл:

        Нэг. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

        Хоёр. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;

        Гурав.  Суралцагчдад  сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;

        Дөрөв. Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.

        Тав. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах.

         

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах