ШУТИС - ШИНЭ ҮЕИЙН ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЧДИЙГ БЭЛТГЭХ “CDIO” СУРГАЛТЫН ШИНЭ АРГА ТЕХНОЛОГИЙГ ХӨТӨЛБӨРҮҮДДЭЭ НЭВТРҮҮЛЖ БАЙНА : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ШУТИС - ШИНЭ ҮЕИЙН ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЧДИЙГ БЭЛТГЭХ “CDIO” СУРГАЛТЫН ШИНЭ АРГА ТЕХНОЛОГИЙГ ХӨТӨЛБӨРҮҮДДЭЭ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
        

        Дээд боловсролын байгууллагууд сургалтын агуулга, аргазүй, үнэлэмжээ дэлхийн жишигт хүргэн шинэчилж, төгсөгчдөд цогц чадамж олгож, нийгэм, эдийн засгийн шинэ сорилтуудыг даван туулах, Монгол улсын ирээдүйг бүтээн байгуулах, шинэ үеийн хүний нөөцийг бүрдүүлэхээр зорьж байна.

        Дэлхий нийтийн CDIO хамтын ажиллагаа нь “Бодож сэтгэх - Төлөвлөж загварчлах - Бүтээн ажиллуулах - Хэрэгжүүлэх” гэсэн бодит үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг бий болгодог циклийн дагуу инженерийн боловсролыг шинэчилж, оюутанд инженерийн суурь мэдлэг, практик дээр хэрэгжүүлэх ур чадвар, хувь хүний төлөвшил, хандлагын цогц чадамжийг олгох зорилготой инженерийн боловсролын тогтолцоо юм.

        Дэлхийн олон оронд CDIO санаачлагыг:

        ·         Зах зээлийн эрэлтэд нийцэн үр бүтээлтэй ажиллаж, бүтээмж, инновацийг бий болгон, амжилт гаргаж чадах ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэх систем

        ·         Инженерийн хөтөлбөрт зориулж бий болгосон, боловсрол олгох түвшин (МСҮТ, дээд сургууль, коллеж, их сургууль), онцлог, өвөрмөц хэрэгцээндээ тохируулан өөрчилж болохоор зохицуулагдсан сургалтын шинэ - нээлттэй арга зүйн загвар гэж үзэж байгаа билээ.

         

        ШУТИС нь инженер технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг Монгол улсын тэргүүлэх сургууль болохын хувьд дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын сургалтын технологи, арга зүйн шинэчлэлийн туршлагатай танилцаж, 2011 оноос эхлэн CDIO сургалтын аргыг нэвтрүүлэх ажил эрчимтэй хийгдэж байна.

         

        “ШУТИС-ийн инженер, технологийн гурван хөтөлбөрт CDIO-г нэвтрүүлэх” төслийн хүрээнд Сургалтын орчинг бүрдүүлэх цахилгаан бараа, тоног төхөөрөмж худалдаж авах, сургалтууд зохион байгуулах, 3 хөтөлбөрийн урлангуудыг шинэчлэх, ОУ-ын хурлын материалуудыг орчуулан түгээх, хөтөлбөрийг боловсруулах арга зүйн зөвлөмжийг боловсруулах, хөтөлбөр болон хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, цахим хичээлүүд бэлтгэх, хөтөлбөрийн нэгдсэн үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудад шаардагдах хөрөнгийг БСШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн нэгжээр дамжуулан АХБ-ны санхүүжилтээр гүйцэтгэж байна.

         

        Мөн ИДС-ийн багш нарыг чадавхижуулах зорилгоор гадаад, дотоод сургалтуудыг зохион байгуулахад Сингапурын Политехник (SP), Сингапур Политехник Интернэшнл (SPI) байгууллага, Сингапурын Темасек сангаас дээд боловсролын сургалтын арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. 

         

        Монгол улсын ШУТИС нь 2015 онд CDIO-ийн гишүүн их сургууль болсноор, БСШУЯ болон Сингапурын Темасек сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, CDIO-ийн Азийн бүсийн төв болох Сингапурын Политехник (SP), Сингапур Политехник Интернэшнл (SPI) байгууллага, Сингапурын Темасек сангаас дээд боловсролын сургалтын арга зүйн дэмжлэг аван хамтран ажиллаж байна.

        Сингапурын Темасек сан болон Монгол улсын БСШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр CDIO-ийн стандарт, арга зүйн 5 багц сургалт аван, улсын хэмжээнд CDIO сургалтын арга зүйг заах эрхтэй 26 мастер багшийг бэлтгэв.

        CDIO-ийн Мастер багш нар ШУТИС, ХААИС, МУИС, ХСИС, БХИС, СУИС, ТТДС, Этүгэн, Их засаг, GMIT зэрэг төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулийн 2000 шахам багш нарын дунд 21-р зууны мэргэжилтэнг бэлтгэх орчин, сургах, суралцах арга зүй, сургалтын идэвхитэй арга хэлбэрүүд, шинэ дэвшилтэт сургалтын технологи, сургалтын төлөвлөгөө болон сургалтын хөтөлбөрийг боловсруулах арга зүйн сургалт зохион байгуулж, багш нарын сургахуйн  чадамжийг дэмжив.

        CDIO-ийн стандарт, арга зүйгээр сургалтын үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулснаар дотоодод төдийгүй олон улсад магадлан итгэмжлүүлэх хөтөлбөрүүдийн тоо нэмэгдэж, зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй, боловсролтой шинэ зууны иргэнийг бэлтгэх боломж нэмэгдэнэ.

         

        Цаашид үргэлжлүүлэн хийх ажлуудаас онцолбол:

         

        Сургалтын чанарыг сайжруулах, шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх ажлын хүрээнд:

        1.    ШУТИС-ийн профессор, багш нар CDIO системийн сургалтын арга зүйг бүрэн судалж, амжилттай хэрэгжүүлж буй гадаадын их дээд сургуулиудаас туршлага судлан, хамтран ажиллаж, сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилт тавин 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн CDIO-ийн арга зүйг нэвтрүүлэх 26 хөтөлбөр, багш нарын нэрс бүхий Ректорын тушаал гарсан ба эдгээр хөтөлбөрийн багш нар судлах, турших, нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

        2.    Анхан шатны буюу Basic CDIO-г ШУТИС-ийн 3 хөтөлбөр, ХААИС, МУИС-ийн инженерийн хөтөлбөрөөр дамжуулан бусад хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх ажлууд шат дараатай хийгдэж эхний үр дүнгүүд амжилттай дүгнэгдэж байгаа тул БСШУСЯ болон Сингапурын политехник, Темасек сангийн дэмжлэгтэйгээр ахисан шатны буюу Advancing CDIO-г нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.

        3.    ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Үр дүнд суурилсан боловсрол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд инженер технологийн дээд боловсролд CDIO арга зүйг нэвтрүүлэх ажлыг өргөжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор Сингапурын политехникийн сургууль, CDIO-ийн Азийн бүсийн ИДС-тай хамтран ажиллаж,  дараагийн үе шат болох “Advancing CDIO” хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд Темасек сангаас зөвшөөрөл, дэмжлэг авах ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.

        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах