ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСЛИЙН ТОВЧ ТАЙЛАН 2014 : Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпортШилэн данс
      Авлигатай тэмцэх
           
        ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСЛИЙН ТОВЧ ТАЙЛАН 2014
        
        Дээд боловсролын төсөл 2014 онд дор дурьдсан ажил, үйлчилгээг гүйцэтгэлээ.
        1.    Худалдан авалт /Тоног төхөөрөмж, барилга засварын ажил/  

        "Хоёр их сургуульд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх"
        :

        Их, дээд сургуулийн судалгааны чадавхийг дээшлүүлэх зорилгоор МУИС, ШУТИС-ийг лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд олон улсын тендерийг 3 багцаар зарлан зохион байгуулж сонгон шалгаруулалтыг явуулсан. Гэрээ байгуулах хүсэлтийг АХБ-нд хүргүүлсэн бөгөөд 2015 оны 01 дүгээр сард шалгарсан 3 компанитай гэрээ байгуулахаар бэлтгээд байна. 

        "Найман их, дээд сургуульд барилгын засвар, үйлчилгээний ажил хийж гүйцэтгэх":

        МУБИС-ийн Номын сан, МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот лекцийн заал, хичээлийн 2-р байрны 156 тоот өрөө, ШУТИС-ийн коридор, ариун цэврийн өрөө, ХААИС-ийн төв байрны хүлээлгийн танхим, АШУҮИС-ийн дээвэр, СУИС-ийн дотуур байр, Дорнод дээд сургуулийн Спорт заал, Ховд их сургуулийн номын сан, бөхийн заалны дээвэр зэрэг нийт 8 их, дээд сургуульд барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, шалгарсан компаниудтай гэрээ байгуулан нийт 733,686,668 төгрөгийн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн, ажлыг бүрэн хүлээж авав.  

        2.    Зөвлөх Үйлчилгээ

        2.1. Зөвлөх байгууллага "Дээд боловсролын шинэчлэл" олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах тендерт бэлтгэн, зохион байгуулж, тендерт шалгарсан АНУ-ын CBT компани гэрээ байгуулахаас татгалзсан тул оноогоор хоёрдугаар байранд орсон Индонезийн Транс Интра Азиа компанитай хэлэлцээр хийн, БСШУЯ, АХБ-ны зөвшөөрлөөр 2015 оны 01 дүгээр сард гэрээ байгуулан 18 сарын хугацаатай явагдах зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүлээд байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд их, дээд сургуулийн засаглал, санхүүжилт, чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэл, хөтөлбөр, кредит систем, байгууллагын хамтын ажиллагаа, судалгаа бодлого, стратегийг сайжруулах чиглэлүүдээр зөвлөмж боловсруулахаар нийт 20 зөвлөх (10 олон улсын, 10 үндэсний) ажиллах юм.   

        "Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэх" зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах тендерийг бэлтгэн, зохион байгуулж, шалгарсан "И Си Эм" ХХК-тай хэлэлцээр хийн, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээг байгуулан 6 сарын хугацаатай явагдах зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүлээд байна. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Инноваци, өндөр технологийн газрын шууд удирдлаганд хэрэгжих юм.

         "Дээд боловсролын хөдөлмөрийн зах зээлийн мэдрэмж" зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах тендерийг бэлтгэн, зохион байгуулж, тендерт шалгарсан "ИРИМ" ХХК-тай хэлэлцээр хийн, 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр гэрээ байгуулан 13 сарын хугацаатай явагдах зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүлээд байна. Уг зөвлөх үйлчилгээ нь Дээд боловсролын хэлтэсийн удирдлаган доор ажиллах бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаа, их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мөшгих судалгааг тус тус хийж гүйцэтгэнэ.  

        2.2. Хувь зөвлөх

        Дээд боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах, их, дээд сургуулийн засаглал, удирдлага, санхүүжилт, дотоод чанарын баталгаажуулалыг сайжруулах, БМИҮЗ, Сургалтын төрийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, өрсөлдөөнт тэтгэлэгийн механизм, тэтгэлэгт хөтөлбөрийн журам, төслийн хүрээнд зохион байгуулагдах хүний нөөцийн чадавх бэхжүүлэх төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд дараах зөвлөхүүдийг сонгон шалгаруулсан. Үүнд: Дээд боловсролын чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэлийн зөвлөх Сузанна Караханян (олон улсын), зөвлөх Р.Бат-Эрдэнэ (үндэсний), Хүний нөөцийн зөвлөх Хийдер Де Бердт Ромилли (олон улсын), Дээд боловсролын засаглалын зөвлөх Л.Мөнх-Эрдэнэ (үндэсний), Санхүүгийн зөвлөх К.Салем (олон улсын), зөвлөх Ж.Сүхбаатар (үндэсний), Хуулийн зөвлөх Ж.Нарантуяа нар шалгарч, үр дүнтэй сайн ажилласан.

        1.    Чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа

        2014 оны 1 дүгээр сард АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн /CHEA/ Олон улсын чанарын группээс зохион байгуулсан жилийн хуралд Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн олон улсад нээлттэй холбоо харилцааг бэхжүүлэх, олон улсад хэлэлцэж байгаа мэргэжлийн хэлэлцүүлэгт оролцох, БМИҮЗ-ийг олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор БСШУЯ, БМИҮЗ-ийн холбогдох төлөөлөл оролцов. Их, дээд сургуулийн сургалтын технологи, сургалтын үйл ажиллагааг шинэчлэх, хөтөлбөр боловсруулах, магадлан итгэмжлэлд бэлтгэх, кредит системийг хөгжүүлэх чиглэлээр БСШУЯ, улсын болон хувийн их, дээд сургуулийн төлөөллүүд буюу сургалт эрхэлсэн захирал, сургалтын албаны дарга нар 2014 оны 3 дугаар сард БНСУ-ын KAIST, Сөүлийн Их Сургууль дээр туршлага судлах сургалт, семинаруудад оролцов. Энэхүү  туршлага судлах аялалын үр дүнд KAIST-ийн сургалт эрхэлсэн захирал, доктор профессор Хёнг Вүүк Паркийг Монголд урьж, 4 дүгээр сард "Сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд КАИСТ- сургуулиас суралцах" нь сэдэвт төр, хувийн хэвшлийн төлөөллүүдэд зориулсан 2 өдрийн семинарыг зохион байгуулав.       

        Их, дээд сургуулийн хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд БСШУЯ-ны холбогдох мэргэжилтэн, МУИС-ийн хөтөлбөр шинэчлэлийн холбогдох төлөөлөл нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг 2014 оны 3 дугаар сард АНУ-ын Станфордын их сургууль дээр очиж туршлага судлав.   Дээд боловсролын дэлхийн чиг хандлага, Азийн орнуудын дээд боловсролын хурдацтай хөгжиж буй амжилт, манлайлагч, экспертүүдээс суралцах, байгууллагын манлайллын үзэл баримтлал, чиг хандлагыг судлах зорилгоор БСШУЯ, төр, хувийн  их, дээд сургуулийн төллөөлөл нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй баг 2014 оны 6 дугаар сард Хонконг хотод зохион байгуулагдсан Зуны институт болон Азийн их, дээд сургуулиудын дээд хэмжээний уулзалтад оролцов.  

        2.    Дотоод сургалт, семинар, хэлэлцүүлэг

        Төслийн хүрээнд жижиг том нийт 20 сургалт, семинар, 2 бага хурлыг 2014 онд зохион байгуулсан. Үүнд: Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, батлах ажилтай холбогдуулан "Дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг, дээд боловсролын чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэлийг сайжруулах, БМИҮЗ-ийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын болон үндэсний бие даасан зөвлөх С.Караханян, Р.Бат-Эрдэнэ нарын ажлын даалгаврын хүрээнд БМИҮЗ, БСШУЯ-ны мэргэжилтнүүд, их, дээд сургуулиудын чанар хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулсан чадавхи бэхжүүлэх "Дээд боловсролын чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэл" сэдэвт 14 удаагийн цуврал сургалт, семинар, 1 удаагийн чуулга уулзалт; СЭЗДС, БМИҮЗ, ДБШТөсөл хамтран "Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөлийн 8-р бүсийн уулзалт, олон улсын магадлан итгэмжлэл" семинар; Жендерийн тэгш байдлыг хангах төслийн үйл ажиллагааны хүрээнд "Дээд боловсролын бодлогод жендерийн тэгш байдлыг тусгах нь" сэдэвт семинар; орон нутгийн их, дээд сургуулийг дэмжих ажлын хүрээнд "Орон нутгийн их, дээд сургуулиудын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зүй" сэдэвт эрдэм шинжилгээний хурал; ашгийн бус дээд боловсролын байгууллагын эрх зүйн байдал, филантропийг дэмжих бодлогын талаар оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтуудыг тус тус зохион байгуулсан.  
        Нүүр хуудас     Буцах     Дээш буцах